Монгол улсад усны хими, химийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуй нэгжүүдийг нэгтгэн, усны хими, химийн шинжлэх ухаан, технологийн салбарт гарч буй ололт амжилт, хэрэгжүүлж буй туршлагуудыг хуваалцах, шинэ санаа, шийдлүүдийг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Манай “Грийн химистри” ХХК-ийн хамт олон Монголын улсын химийн салбарын хөгжил дэвшилд чанартай, баталгаатай төрөл бүрийн химийн бодис, урвалж, лабораторийн тоног төхөөрөмж, эдлэл, хэрэглэгдэхүүн, бараа бүтээгдэхүүнийг 13 жил тогтвортой худалдан борлуулж өөрийн хувь нэмрийг оруулж ирсэнээс гадна салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи, арга аргачлалтай танилцуулах, сургах, ажил мэргэжлийн болон чөлөөт цагийн бүхий л хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөгжүүлэх зорилго, чиглэлээр үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Энэ хугацаанд Химийн бодисын аюулгүй байдлын танхимын болон онлайн сургалт нийт 40 гаруй, мэргэжлийн чиглэлийн тоног төхөөрөмжийн газар дээрхи болон онлайн сургалт 80 гаруй удаа, химитэй холбоотой чиглэлийн мэдлэг, мэдээлэл солилцох нийт 10000 гаруй хүн хамрагдсан салбарын төрөлжсөн олон хурал, уулзалт, хэлэлцүүлгүүдийг санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэж ирсэн. Мөн улсын химийн олимпиадыг ивээн тэтгэж, химийн салбарын ахмадуудын уулзалтууд, химийн ном, соёл урлаг, спортын зэрэг төрөл бүрийн 10 гаруй арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.
Бид энэ удаад “Water Chemistry 2025” Усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлгийг санаачлан ивээн тэтгэж, Монгол улсын их сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын химичдийн хөгжлийн ассоциоци ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Хуралд тухайн байгууллага, аж ахуй нэгжид усны чанар, аюулгүй байдалтай холбоотой үүсээд байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, түүнд гарц гаргалгаа эрэлхийлсэн үйлдвэрлэл практикийн ажлууд, харьцуулсан судалгаа шинжилгээ, сорилт туршилтын арга аргачлал зэрэг сэдвүүдээр 39 байгууллагын 123 хүний хамтран хэрэгжүүлсэн 42 шийдэл, илтгэлийг хэлэлцүүлж байна.
Энэхүү хурал, хэлэлцүүлэг нь Монгол улсын усны хими, химийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуй нэгжүүдийг нэгтгэн, ашиглаж буй шинжлэх ухаан технологийн арга туршлагуудаа хуваалцах, шинэ санаа, шилдэг шийдлүүдийг хэлэлцүүлэх, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ахуйн болон үйлдвэрийн усны чанар, аюулгүй байдалд чухал түлхэц, дэвшил болно хэмээн үзэж байна.
Та бүхэн хайсан шийдэл, мэдлэг мэдээллээ олно гэдэгт итгэлтэй байна. Ажлын өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
ЗАХИРАЛ, ДОКТОР Ph.D, Б.ДАВААЦЭРЭН
2025.05.01-ний өдрийг дуустал “Water Chemistry-2025” үндэсний эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцох хүсэлт, холбогдох утасны дугаар болон илтгэлийн хураангуйг Грийн химистри ХХК-ийн
info@greenchemistry.mn
электрон шуудангийн хаягаар хүлээн авна. Илтгэлийн хураангуйг хурал зохион байгуулах хороо хүлээн авч Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлнэ.