2014 онд АНУ-ын хоёр, Германы нэг эрдэмтэн эсийн түвшнээс молекулын хэмжээнд ажиглалт хийх боломжтой хэт хүчирхэг микроскопоороо Нобелийн шагналын химийн салбарт тэргүүлж, нөлөө бүхий шагналын эзэн болсон байна.
Эрик Бетциг, Уйлльям Мойрнер, Стефан Хелл нарын бүтээсэн микроскоп нь өвчин эмгэг, эм зүйн салбарын судалгаанд хувьсал хийж чадахуйц бүтээл болсон тул ийн шийдвэрлэсэн хэмээн Нобелийн шүүгчид тайлбарлалаа. Товчхондоо бол нано хэмжээст дэлгэрэнгүй судалгаа хийх боломжийг бүрдүүлж буй аж.
Дээрх гурван эрдэмтэн тус тусдаа ажилласан ч гэсэн микроскопын дурангийн хязгаарын онолыг даван гарч нано хэмжээсийг улам нээлттэй болгож чаджээ. Шинэ микроскопоор 200 нанометр буюу метрийг 200 тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хэмжээсийг өчүүхэн биетийн нэгжийг ч харж чадахаар болсон байна. Энэхүү бүтээлийг бий болгохын тулд флоресцент молекулыг гэрэлтүүлэн өсгөх лазер гэрэл ашиглажээ. Ингэснээр флоресцентийг бүрсийлгэлгүйгээр яг бодит харагдах байдлаар шүүж харах боломжтой болсон юм.
Эцсийн дүнд судлаачид наноскопийг ашиглан амьд биетийн эс доторх бие даасан молекулын гүйдлийн замыг нэг бүрчлэн харж чадах гэнэ. Тухайлбал, тархины мэдрэлийн эсийн хооронд хэрхэн холбоос хийдгийг тодорхой харж болох бөгөөд Альзхаймер, Хантингтоны өвчнийг илүү сайтар судалж, анагаах арга олж мэдэх нь. Нобелийн хорооноос мэдээлснээр гурван эрдэмтэн Химийн салбарын шагналаа хамтран эзэмших бөгөөд найман сая Швед крон буюу 1.19 сая ам.долларын шагналыг хуваан хүртэх юм байна.
Нобелийн шагналын уламжлалын дагуу шилдгүүд ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Стокгольм хотод шагналаа гардан авна. Нобелийн шагналын химийн салбарын өнгөрсөн оны шилдгээр Мартин Карплус, Майкл Левитт, Арией Уоршель нар тодорч байсан удаатай.
Мэдээллийн эх сурвалж : http://world.time.mn/content/49984.shtml